Цонжин болдог-

Төв, Эрдэнэ
Цонжин болдог-
Цонжин болдог хэмээх түүхэн үйл явдалтай холбоотой Улаанбаатар хотоос тавин гурван километр зайд байгалийн сайхан цогцолсон Туул голын ойролцоо Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг газарт байрладаг цогцолбор юм. Монгол орны ихэнх түүх соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудад хүрэхийн тулд замын хүнд нөхцөлд гурван зуунаас дээш километр замыг туулж байж хүрдэгтэй харьцуулахад энэ нь маш том давуу тал юм. Цогцолборын нийт талбай нь хоёр зуун арван хоёр га бөгөөд цогцолборын төвд Чингис хааны морьт хөшөө байрлана. Морьт хөшөө нь суурийн хэсгийн байгууламжийн хамт дөчин найман метр өндөр юм. Суурийн хэсэг нь арван метр өндөр гучин метрийн диаметртэй дугуй хэлбэртэй, морьт хөшөө нь гучин найман метр өндөр юм. Хөшөөний суурийн хэсэгт хааны музей, үзвэрийн танхим, ресторан, бар, хурлын танхим, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг байрлана. Хөшөөний танхимаас морины сүүлэнд байрлуулсан цахилгаан шатаар морины бөгсөн бие хүртэл яваад цааш цээжин дундуур нь явган явж эмээлийн бүүргээр гарч улмаар морины хүзүүн дээгүүр явж толгойных нь орой дээр гаран цогцолборын эргэн тойрны байгалийн сайхныг ажиглаж болно. Морьт хөшөөг тойрон хоёр зуу гаруй гэр буудал байрлах бөгөөд орчин үеийн тавилга, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Гэр буудлууд нь зууны үеийн Монголын овог аймгуудын хэрэглэж байсан эртний тамганы хэлбэрээр байрласан байна. Шөнийн цагт олон төрлийн гэрлийн тусламжтайгаар тэнгэрт түгэх одод мэт гэрэлтэн харагдах болно. Энэхүү хөшөөт цогцолбор нь дэлхийн хамгийн том морьт хөшөө юм. Энэхүү хөшөөт цогцолбор нь гадаадын төдийгүй дотоодын жуулчдад ч багагүй ач холбогдолтой юм. Учир нь Чингис хааны үр удам болсон монголчууд маань Их хааныхаа дурсгалын хамгийн том цогцолборыг зорин очсоноор түүний гайхамшигт байгууламжийг үзэж сонирхохын сацуу байгалийн сайхан, цэвэр агаарт амрах, хурал зөвлөгөөн, уулзалт семинар, хүлээн авалт хийх боломжтой.