Хамарын хийд
Дорноговь, Сайншанд

Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш дөчин таван километрт байдаг. зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа мянга найман зуун хорин онд арван долоон насандаа Өвөр хамар гэдэг газар Хамарын хийдийг байгуулжээ. Энэ хийд нь Зүүн Хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхорын гэсэн дөрвөн хэсэгтэй ихэнх нь төвөд, монгол хийцийн сүм дугануудтай байжээ. Зүүн хүрээнд ноён хутагт голлон сууж асан ба энд Лавран сүм, Агва дацан, хүүхдийн дацан, сургууль номын сангаас гадна Хамбын, Лам нарын, Шүтээний, Номчийн аймгуудтай байсан. Энд ноён хутагт Ойдовжамц, ноён хутагт Лувсандондов нарын шарилын сүм байсан агаад Лавран сүмд ноён хутагт Данзанравжаа болон түүний дараагийн хутагт хувилгаад амьдран сууж байв. Энэ нь давхар хэрмэн хашаатай дааман хаалга бүхий төвд маягийн сүм хэлбэртэй хоёр давхар барилга байв. Баруун хүрээнд Ламрим, Чойр, Багшийн дацангууд, Гиваадин Равжаалин сүм, номын сан, сангай сан, гал тогоо зэрэг байсан. Мөн Гиваадин Равжаалин сүмд Ноён хутагтын байгаль, түүх, соёлын цуглуулгыг сүсэгтэн олонд дэлгэн үзүүлдэг байв. Тус хүрээний баруун урьд хэсэгт ноён хутагт Данзанравжаа өөрийн багш Жанжаа гэгээнд зориулан босгосон Өвгөн суврага хэмээх чандарт суврага босгожээ. Тус хийдэд Монголд хамгийн анхны дуут жүжгийг тоглосон бөгөөд Данзанравжаагийн зохиосон Саран хөхөөний намтар жүжгийг тоглодог задгай театр байсан. Хамрын хийд нь мянга есөн зуун гучин оны байдлаар арван гурван дацан, дөрвөн аймаг, хорин хоёр дуган, хоёр суврага, арван нэгэн сүмтэй, зуун гаран ламтай хэмээн бүртгэгджээ. Хамарын хийдийн орчинд агийн ёсны бясалгал хийдэг арваад агуй, нутгийн ардууд хутагтын адистэтлэсэн ус хэмээн нэрлэдэг худаг бий.